
Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир
спортын газар, Боловсрол соёл, урлагийн газар хамтран “Уул ус, байгаль
дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын
аялал жуулчлалыг хөгжүүлэх, дээлтэй монгол арга хэмжээг сурталчлах, нийтийн
биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ оны анхны нар
харах аялал”-ыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр Баруун-Урт хотоос
урагш 30 гаруй километрт байх Баяншарга ууланд ес дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд
Баруун-Урт сум, Асгат сум, Халзан, Сүхбаатар сумынхан оролцлоо. Шинэ оны анхны
харах аяллаар “Мөнгөн өвөл-2019” монгол үндэстний өвлийн хувцасны үзүүлбэр
болон үндэсний бөхийн барилдаан, хөгжөөнт буухиа зохион байгуулагдаж хуран
цугласан олныг хөгжөөсөн юм. “Мөнгөн өвөл-2019” өвлийн хувцасны үзүүлбэрийн “Сайхан
дээлтэй хос”-ийн төрөлд тэргүүн байрыг Мэргэжлийн хяналтын газрын Сансартайван,
Мөнхнаран, дэд байрыг 11 дүгээр цэцэрлэгийн Батмандах, Оюунзул, үзэгчдийн
дундах сайхан дээлтэй эмэгтэй, эрэгтэйгээр Шүүхийн Баатарсүх, Цайрменерал
ХХК-ний Шинэцэцэг нар шалгарлаа. Үндэсний бөхийн барилдаанд Асгат сумаас оролцсон
Насанжаргал шалгарсан бол хөгжөөнт буухиа тэмцээнд нэгдүгээр байрыг Эрүүл мэндийн
газар, хоёрдугаар байрыг 338 дугаар анги, гуравдугаар байрыг 11 дүгээр
цэцэрлэгийн хамт олон эзэллээ.
Аялалд 130 гаруй машин, 750 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ боллоо.
Энэ өдөр тэнгэр хангай тогтуухан, нар 8 цаг 6 минутанд мандаж цугларсан олонд халуун дулаан энерги
өгсөн юмаа. Арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан Боловсрол соёл,
урлагийн газар, Биеийн тамир спортын газар, 9 дүгээр цэцэрлэгийн хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Comments
Post a Comment